Европчуудтай харьцуулахад монголчуудын харилцааны чадвар тийм ч өндөр биш. Мөн сompliment буюу магтаал, сайшаалын үг нэгэндээ хэлдэггүй. Тестийн үр дүнгээс үзэхэд хүнд сайхан үг хэлэх тал дээр бид муухай монгол хүн болчих гээд байна. Мундаг гэж ганцхан үг л хэлдэг. Маш ерөнхий. Яагаад тэр хүн мундаг болчихоод байгаа юм гэдэг нь тодорхой биш. Хэн нэгэн сайхан үг хэллээ гэхэд наад зах нь, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэддэггүй. Ийм нэг онцлог бас байна. Түүнчлэн монголчууд харааны ой их сайтай. Үүнийг дэлхий нийт photographic memory буюу нүдэндээ харж тогтоох ой тогтоолт гэж нэрлэдэг. Та яг зураг авч байгаа юм шиг нүдэн дотроо зураг аваад тэр зургаа төсөөлөлдөө, нүдэн дотроо хардаг ой тогтоолтын төрлийг хэлж байгаа юм. Мөн монголчууд орон зайн логик сэтгэлгээ, математик сэтгэлгээ, инженерлэг сэтгэлгээндээ маш сайн.
Монгол хүний эдгээр онцлогт тулгуурлан бид психометрик багаж буюу тест боловсруулсан. Орчин үед сэтгэл зүйн тестийг үзэг, цаасаар авдаг тогтолцоо өөрчлөгдөж, дижитал болсон учраас бид ч цаг үеэ дагаж, боловсруулсан тестээ онлайн платформтой холбож өгсөн. Гэхдээ 12-оос доош насны хүүхдүүдийн тестийг цаасан хэлбэрээр хэвээр авч байгаа.
Б.Жавзан: Бид байгууллага, хувь хүн гээд бүгдэд үйлчилдэг, тестийн сан бүхий платформыг бий болгох зорилгоор psychometrics.mn -ийг хөгжүүлсэн.
Тэгэхээр төлбөрөө төлсөн нөхцөлд psychometrics.mn рүү ороод сэтгэл зүйн тест бөглөх боломжтой гэсэн үг үү?
Бид хэрэглэгчдэд үйлчилгээгээ улам ойртуулж, хэрэглэхэд хялбар, хариугаа онлайнаар шууд харах боломжтой (зарим тестүүд), байгальд ээлтэй, ирж очих зардал хэмнэсэн www. psychometrics.mn платформыг нээн ажиллуулж байна. Уг платформоор дамжуулан КОВИД-19-ийн хөл хорионд орсон болон хөдөө орон нутаг, гадаадад амьдарч байгаа иргэд ч үйлчилгээ авах боломж бүрдсэн. Одоогоор psychometrics.mn -д бие хүний зан төлөвийн үнэлгээ, IQ ба EQ үнэлгээ, мэргэжил сонголт ба ур чадварын үнэлгээ, хандлага ба манлайллын үнэлгээ, сэтгэцийн эрүүл мэндийн үнэлгээ гэсэн таван үндсэн чиглэлээр 12 сэтгэл зүйн тестүүд байршаад байгаа. Мөн бид хөл хориотой холбоотойгоор иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор зарим нэг тестийг үнэ төлбөргүй байршуулсан. Жишээлбэл, стрессийн тестийг үнэгүй бөглөж, өөрийн стрессийн түвшинг тодорхойлох боломжтой. Хэрэв таны стрессийн түвшин өндөр байвал тодорхой хэмжээнд мэргэжлийн туслалцаа авах шаардлагатай байна гэсэн үг. Зарим хүн стресс өндөртэй байгаа ч мэргэжлийн туслалцаа авах шаардлагатайгаа мэддэггүйгээс хүндэрч сэтгэл гутрал, деппрест өртөх магадлалтай байдаг. Энэ ч утгаараа долоо хоног, сар бүр орж тест бөглөж, өөрийн стрессийн түвшнээ тодорхойлох боломжийг бид олгож эхэлсэн. Цаашид ч олон нийтийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор ийм тестүүд нэмнэ.
“Сэтгэл зүйн үйлчилгээ гэдэг өөрөө аутсорсинг”.
Бид байгууллага, хувь хүн гээд бүгдэд үйлчилдэг, тестийн сан бүхий платформыг бий болгох зорилгоор psychometrics.mn -ийг хөгжүүлсэн. “Сэтгэлзүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэн”-гийн хүүхэд, хувь иргэдэд үйлчилдэг сэтгэл зүйн тест бүхий тусдаа вэб, “Психометрик” буюу байгууллагын зан төлөвийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг энэхүү хоёр байгууллага psychometrics.mn дээр үйл ажиллагаагаа нэгтгэсэн гэсэн үг. Байгууллагын зан төлөв гэхээр бид талантыг таних буюу талант аналитик, талант зураглал, талант хөгжүүлэлт хийх гэсэн гурван үндсэн үйл ажиллагааг санал болгодог. Дээр нь дижитал хэлбэрт шилжсэнээр хэрэглэгчдэдээ илүү ойртож, хэрэглээг нь хялбарчилсан гэж ойлгож болно. Цаашид бид гар утасны аппликэйшнтэй болох зорилготой байгаа.
Та бүхэн яагаад talant хэмээн нэрлэж, энэ үгийг хэвшүүлэх болсон бэ?
Англи хэлний talent хэмээх үгийн үндэс talentum буюу хэмжих гэсэн утгатай латин үгээс гаралтай. Зарим аугаа авьяас билгийг бид хэзээ ч хэмжих боломжгүй. Тийм хүмүүсийн авьяас төрмөл байдаг. Харин тухайн байгууллагаас ажил горилогчид тавьж буй ажлын үүрэг гүйцэтгэлд шаардагдах ур чадвар, мэргэшлийг бол судалж, шалгуурт нийцэж байгаа эсэхийг тодорхойлж, хэмжиж болно. Ийм учраас бид энэхүү латин үгийн утгыг барьж талант гэж үгийг хэвшүүлж байна. Орос хэлээр дамжуулан авсан талант гэж ойлголт бидэнд байдаг учраас англи хэлний talent биш талант гэдгээр нь хэвшүүлсэн.
Талант аналитик гэхээр тэр олон талантыг таньж, талант зураглалыг гаргаж өгнө гэсэн үг. Жишээлбэл, дунд шатны менежер, гүйцэтгэх удирдлага болох гэж байгаа хүнийг авьяас, бие хүний төрх, оюун ухааны чадвар гэсэн гурван өнцгөөс шинжилгээнд оруулж, хэмжээд тухайн хүн хэн бэ гэх зураглалыг гаргаад өгчихөж байгаа юм. Нэг үгээр, тухайн хүний цогц дэлгэрэнгүй мэдээллийг боловсруулж өгөхийг талант аналитик гэж нэрлээд байгаа хэрэг. Үүнд багийн, бүлгийн тайлагнал ч мөн багтдаг. Талант аналитикт тулгуурлан ямар төрлийн сургалт, хөгжүүлэлтээр цааш явахаа тодорхойлохыг талант хөгжүүлэлт хэмээн нэрлэдэг.
Та бүхэн сэтгэл зүйн тестүүдээрээ дамжуулан тухайн харилцагч байгууллагад ямар үр дүн, өгөөж авчирч байв?
Бидний санал болгосон тестийг ашиглан тухайн байгууллага, хувь хүн өөрийн онцлогийг олж харж, сул болон давуу талаа ойлгож, дүгнэлт гарган дараагийн хийх алхмуудаа тодорхойлж байна. Тухайн байгууллагын ажилтнуудын үнэнч байдал болон манлайллын онцлог хоёрыг нь бид харьцуулж судалсан. Үүнд үндэслэн ажилтнуудын үнэнч байдал ямар хэлбэртэй байгаа нь манлайлагчийн ур чадвараас шалтгаалдаг юм байна гэсэн үр дүнд хүрсэн. Хэрэв манлайлагч арга барилаа өөрчлөхгүй бол ажилтнуудын тооцоололтой үнэнч байдал ихэсдэг учраас үүнийгээ дагаад хүний нөөцийн тогтвортой ажиллах байдал буурдаг. Тооцоололтой үнэнч байдал гэдэг нь дарга ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэсэн сэтгэл зүйгээр хандахыг хэлээд байгаа юм. Энэ хүрээнд манай зарим харилцагчид тестийн үр дүнг хүлээн зөвшөөрч менежментийн үйл ажиллагаа, манлайлах арга барилаа өөрчлөхөөр шийдэж, шийдвэртэй алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн жишээ цөөнгүй бий. Тэгэхээр эхнээсээ тодорхой хэмжээний үр дүн гарч эхэлсэн гэсэн үг.
Харин манлайлал сайтай байгууллагын ажилтнуудын үнэнч байдал сэтгэл хөдлөлд илүүтэй суурилсан байх жишээтэй. Ийм байдлаар тест бүрийн ард ямар нэгэн үр дүн гардаг. Тестийн нэгдсэн дүгнэлтэд тулгуурлан байгууллагын аль алба, хэлтэст ямар төрлийн сургалт, хөгжлийн хэрэгцээ байгааг тодорхойлж, түүнийхээ дагуу явдаг цаг одоо ирж. Тэгэхээр хүний нөөцийн үйл ажиллагааны тухайд “Тэнд гайгүй лекц уншдаг хүн байна лээ. Байгууллага дээрээ авчирч лекц уншуулъя” гэдэг үе улирсан.
Нэг зүйлийг тодруулъя. Ямар манлайллын онцлог ажилтнуудын дунд сэтгэл хөдлөлтэй үнэнч байдлыг бий болгодог талаар ярихгүй юу?
Идэвхтэй, шилжигч болон ажилтнуудынхаа урд явдаг жинхэнэ манлайлагч гэж бий. Шилжигч манлайлал гэдэг нь ажлаар хэтэрхий их дардаг, хэтэрхий их цагаар барьдаг, дээр нь байгууллага дотроо хэл амны хүчирхийлэл их үйлддэг буюу “Тэгэхгүй яасан юм”, “Ингэхгүй яасан юм” гэж хэт их захиргааддаг удирдлагын арга барилыг хэлдэг. Ийм байгууллагын ажилтнууд дунд тооцоололтой сэтгэл хөдлөл давамгайлдаг. “Энэ хүн намайг ингэвэл би тэгнэ” гэсэн хандлага гаргадаг гэсэн үг. Харин манлайллын өөр нэг хэлбэр болох ажилтнуудаа өөрсдийнх нь идэвхээр ажиллуулж, сэдэлжүүлж, “Таны хариуцлага энэ шүү” гэж доороос нь түлхэж өгч, дэмждэг төрлийн манлайлалтай байгууллагад сэтгэл хөдлөлийн энгийн, үнэнч байдал ноёлоод байгаа юм. Нэг салбарын 10-аад байгууллага оролцсон судалгааны үр дүн шүү дээ. Мэдээж байгууллага бүрт өөр. Гэхдээ ийм ерөнхий дүр зураг ажиглагдаж байна. Ер нь манлайлал гэдэг бол цаад утгаараа менежмент. Харин ямар менежментийн үйл ажиллагаа явуулах вэ гэдэг нь тухайн манлайлагчийн хувийн онцлогтой холбоотой. Энэ бодит байдлыг бид судалгааны үр дүнгээрээ баталсан гэж хэлж болно.
Business.mn сэтгүүлээс 2020 оны 11,12 сар